"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан

Хоймрын зочин

Монголчууд бид Чингис хаан, Монголын эзэнт гүрний байлдан дагууллаар омгорхох дуртай. Тэгсэн мөртлөө түүхийн нугачаанд бүдгэрсэн “үнэн”-ийг тэр бүр мэддэггүй. Энэ удаагийн дугаартаа Монголын эзэнт гүрний байлдан дагууллын “жимээр” судалгаа хийдэг “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын захирал, Соёл судлаач Ц.Санчирыг урилаа. Тэрээр судалгааны ажлынхаа дундуур шинэ номынхоо ажлаар богионо хугацаагаар эх орондоо ирээд байсан юм.  

-XIII зууны үеийн байлдан дагууллын талаарх судалгаагаа эхлэх болсон шалтгаан юу вэ? 
- Чингис хаан гэж ярихаар Монголын эзэнт гүрний тухай ярих болдог. Монголын Эзэнт гүрэн гэсэн сэдэв өнөөдрийн хорь гучаад улс орны түүхтэй салшгүй холбогдсон байдаг. Өнөөгийн ОХУ, БНХАУ, Иран, Ирак, Турк, Азербайжан, Афганистан, Казакстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Тажикстан, Пакистаны баруун хэсэг, Энэтхэгийн хойд хэсэг гээд олон улс орныг Монголчууд хаанчилж байсан. Их хаадынхаа зарлиг тушаалаар эзэлсэн улс орнуудаа сахин, хамгаалж үлдсэн Монгол цэргүүдийн хойчис өнөөдөр ч мөнөөх газруудад амьдарсаар байна. Монголын эзэнт гүрэн гээд ярихаар булаан эзлэгсэд, бүхнийг хүйс тэмтэрч, хомроголон устгаж байсан ойлголт нийтлэг. Үнэндээ Монголчууд дэлхийн түүх, соёл, шинжлэх ухаан, нийгмийн тогтолцоонд олон нээлт шинэчлэл хийсэн баримтуудыг бид судалгаагаа хийгээд явж байхдаа олонтоо харж байсан. Тэр л олон нээлт, эргэлт, шинэчлэлүүдийг хийснээр Монголын эзэнт гүрэн энэ өргөн уудам нутагт оршин тогтнож байсан байх. Түүнээс биш зэрлэг балмад, харгис хэрцгий, харанхуй бүдүүлгээр дайрч довтолсон бол тэр олон улс үндэстнийг хаанчлах ямар ч боломжгүй байсан юм шиг санагддаг.
-Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үед үлдэж хоцорсон цэргүүдийн хойчис дээр олон мянганы түүхийн хэлхээс болж Монгол хүн очиход хэрхэн хүлээж авдаг нь сонин байна?
- Эзэнт гүрний байлдан дагууллаас хойш тэр газарт Монгол хүн дахин хөл тавьж буй тохиолдолд бид нэлээн няхуур ханддаг. Долоо найман зуун жилийн турш “Монголчууд заавал эргэж ирнэ, эндээс нүүж болохгүй, энэ бол хаадын зарлиг” гэж домог биш үнэн ярьдаг тэр хүмүүсийн хувьд Монголоос очсон бидэнтэй уулзахдаа олон жилийнх нь зүүд мөрөөдөл, хүлээлт нь биелэж байна гэж тэд ярьдаг. Харин очиж байгаа бидний хувьд жирийн судлаач залуус. Гэхдээ Монгол Улсыг тэрүүхэндээ хувь хүнээрээ төлөөлж л байгаа юм хойно түүхийг зөөлрүүлж, холбож, элгийг нь дэвтээж байгаа мэт санагддаг.
-Судалгааныхаа эх сурвалжийг яаж олдог вэ. Эсвэл хэн нэгэн энд ийм монголчууд байна ирж судлаач хэмээн хүсэлт тавьдаг уу?
-Үгүй ээ. Хэн ч бидэнд энд Монголчууд байна ирж судлаач гэсэн хүсэлт ирүүлж байгаагүй юм байна. Өөрсдөө л хайж олдог. Бид есөн жилийн өмнөөс Цагаан Монгол, Дунсиань, Хазара, Ёгор монголчууд дээр очиж байна. Чингис хааны буудалласан газрууд болох Хатан голын бэлчир нутгууд, Хүлэгү хаан зургаан сар цэргээ амраасан Хазарын тэнгисийн баруун хойд эрэг, Афганистаны Бамяан хотыг монголчууд эзлээд цэргийн мянгатнаа үлдээсэн газар Монгол цэргүүдийн үр удам үлдсэн байх ёстой гэсэн бүдэг бадаг сэжмүүдээр явж очоод судалгаа, зураг авалтаа хийдэг.
-Судалгааны ажлаа хэр урт хугацаанд өрнүүлдэг вэ. Тэр олон жилийн түүхийг нь харуулахад цаг хугацаа багагүй шаардагдах байх?
-Тухайн нөхцөл боломжоос шалтгаалаад янз бүрийн хугацаагаар ажилладаг. Одоогоор бид шинэ төсөл эхлүүлээд Дундад Азид ажиллаж байна. Узбекистан, Казакстан, Киргизстан, Азербайжан гээд Монголын эзэнт гүрний Ил Хант улс, Алтан Орд Улс, Цагаадайн Хант улсын нутаг дэвсгэр, Монголын хаанчлалд 100 жил захирагдаж байсан улс орнууд. Эдгээр улсуудад Алтан ургийн их хаадын тамга дардастай, Монгол бичиг бүхий өндөр сорьцтой зооснууд 100 жил арилжаалагдсан түүх бий. Жил хагасын хугацаанд эдгээр оронд хээрийн судалгаа зураг авалтаар ажиллах юм. Энэ төслийн хүрээнд бид арван анги баримтат цуврал кино хийхээр ажиллаж байна. Ерөнхийдөө нэг анги баримтат кино хийхийн тулд тухайн газар нутаг, улс үндэстэнийг зорьж хамгийн багадаа таван удаа очдог. Учир нь долоо найман зуун жилийн турш эх монголоосоо сураг тасарсан хэдий ч  монгол соёлын галыг залгамжилж үлдэхийн тулд олон зуун жилийн хүнд бэрхшээлийг даван туулсан ард түмний тухай нэг л удаа нэг л газар нь очоод олон нийтэд мэдээлнэ гэдэг өрөөсгөл хандлага. Тиймээс бид нэг угсаатны оршин байгаа улс оронд сар шинэ, уламжлалт баяр наадам, оршуулгын ёслол, хурим найрын үеэр нь мөн өвөл зун дөрвөн улиралд очиж байж 30 минутын кино хийдэг.  
-Судалгааны багт хэдэн хүн байдаг вэ?  
-Манай байгууллагын орчуулагч, судлаач Б.Цэрэн бид хоёр 2008 оныг хүртэл нэг нэгээрээ явж ажилладаг байлаа. 2009 оноос хойш гэрэл зурагчин, зураглаач гээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дөрвөөс олон хүн явах хэцүү байдаг. Зардал өндөр гарна. Исламын орнуудад гадаад хүмүүс олуулаа явах нь хүмүүсийн анхаарлыг их татдаг. Дотоодын мөргөлдөөнтэй газруудад гадны хүмүүс, аппарат, камер бариад явахаар мэдээж дургүйцнэ. Ер нь ганцаараа явах илүү амар. Мөнгө бага орно, хүмүүсийн анхааралд өртөхгүй гээд давуу тал их байдаг.
-Судалгааны ажлаараа явж байхдаа ямар нэг айдастай тулгарч байв уу?
- Бид исламын шүтлэгтэй, дотоодын мөргөлдөөн, хаалттай нийгэмтэй улс орнуудыг зорьж, хээрийн судалгаа, зураг авалтаа хийдэг. Ийм газар руу явж байгаа тохиолдолд аялал бүрт бэрхшээлтэй зүйл олон тохиолддог. Ядаж л чөлөөтэй зогсоод  зураг авах боломжгүй. Ялангуяа исламын шашинтай оронд гадаад эмэгтэй зураг авна гэдэг тэр бүр хүний хүсэх зүйл биш. Гивлүүрийн цаанаас олон удаа зураг авч байсан. Гэхдээ бидний хийж байгаа ажил олон хүний зүрх сэтгэлд хүрч буй үнэ цэнэтэй, чухал сэдэв учираас энэ ажлыг хэрхэн хийж байгаа болон бидэнд ямар хүндрэл бэрхшээл гардаг тухай ярих сонирхолгүй байдаг.
Дэлхийд “анхны” гэгдсэн соёл, шинжлэх ухааны олон нээлтийг Монгол хаад хийсэн байдаг
-Хаалттай нийгэмд яаж ажиллаад байдаг нь уншигчдад маань сонин санагдаж байх. Та нарын бүтээлээс харахад хэн нэгэн замыг нь засаад өгчихсөн юм шиг санагддаг. Ямар ч хаалт байгаагүй мэтээр харагддаг?
-Бид киногоо үндсэн сэдвээс нь хазайлгахыг хүсдэггүй. Жишээ нь: Долоон зуун жилийн тэртээ байгуулагдаж, 2005 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн гурван давхар найман талтай, Монгол хээ, алхан хээ, хас хээ, өлзий хээгээр чимсэн “Өлзийт хааны ордон”-ы зургийг авахын тулд Иранд очихоор гурван жил бэлтгэсэн. Харин яг боломж гараад очих үед Иран улс гадныханд хориг тавьсан төдийгүй сарын турш биеэ зовоож цус урсгадаг гашуудлын ёслолын үе таараад мөнөөх Ордоны зураг авахыг зөвшөөрөөгүй. Гурван жил зүүдэлж, мөрөөдөж байж арай гэж очоод ийм хариу сонсох үнэхээр хэцүү  байсан. “Бид монголчууд. Энэ манай хааны ордон. Бид нар талдаа 15.000км газрыг туулж байж энэ л зургийг авах гэж ирсэн гэж тайлбарласны дараа анх удаа Монгол хүмүүс ирж байгаа болохоор 30 минутыг олгосон. Манай залуус 30 минутын дотор гурван сар авсан юм шиг сайн зураг авч чадсан. Харин дээрхи бэрхшээлүүдийн тухай кино зохиолдоо дурдаагүй. Яагаад гэвэл үзэгчдэд хүргэх үндсэн сэдвээсээ хазайдаг. Тиймээс хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө ч энэ тухай дэлгэрэнгүй яриад байдаггүй. Энэ бол манай багийн зарчим.  
-Та судалгааныхаа ажлыг киноноос өөр ямар хэлбэрээр бэлтгэдэг вэ?   
- Соёл судлал, угсаатны онцлог, түүх, өгүүлэл, бодрол, тэмдэглэл, үлгэр домог, хууч яриа гээд олон сэдвийг нэг дор бичих шаардлага гардаг. Тиймээс аялж байх хугацаандаа олж авсан, мэдсэн, мэдэрсэн бүх мэдээллийг нойр хоолгүй л бичиж, тэмдэглэдэг. Тэр бүр камер бариад, дуу хураагч ажиллуулаад байвал хүмүүс хэлэхийг хүссэн нарийн нандин зүйлсээ ярьж чаддаггүй болохоор ихэвчлэн толгойдоо буулгаж аваад дараа нь тэмдэглэдэг.
-Зарим газар эдүгээ ч Монголд хэрэглэж байгаа үгийг хадгалаад үлдсэн байдаг гэж сонссон. Таны уулзсан хүмүүсээс өв уламжлалаараа монголчуудтай хамгийн ойрхон ард түмэн хаана байна вэ?
- За энэ асуултад би Дээд монголчуудыг эхлэж нэрлэнэ ээ. Гүүш хаан, Цогт тайжийн хойчис болох ерээд мянган монголчууд идээ цагаа, шүүс зоог, цуургагүй эсгий үүд, чулуун хороогоо хадгалж үлдсэн хүмүүс. Цастын монголчууд бас үнэхээр мундаг ард түмэн. Дөрвөн мянгуулаа ч тэдний хэлэнд олон зуун жилийн өмнөх Монгол аялгуу, яруу үг хэллэг үлдсэн байдаг. Мөн Шинжааны Ойрадуудыг нэрлэх нь зүйтэй. Шинжаанд 168.000 монголчууд болох торгууд, өөлд, цахар, урианхай, захчин, хошууд, дөрвөд ястанууд хэл яриа, хувцас зүүсгэл, зан заншил, бичиг үсэг, угсаатны онцлогоо залгамжлан яваа бахдам сайхан ард түмэн аж төрдөг.
-Таныг анхны бүтээлээ нийтэд дэлгэхэд “Яагаад заавал тэдний тухай монголчуудад үзүүлээд байгаа юм. Тэр хүмүүсийг Монгол Улсын иргэн болгох гээ юу” зэргээр хүмүүс шүүмжилж байсан. Ер нь таны судалгааны зорилго чинь юу вэ?   
- Чингис хаан тэнгэрт халихаасаа өмнө “Үндэс язгуураа бүү мартсугай гэж үр хүүхэддээ сургасугай...” гэж айлдсан байдаг. Зөвхөн энэ сургаал айлдвар л ямар олон нууц түүхийг өгүүлж байгааг тайлбал олон монгол угсаатан ястаны түүх тэр хэмжээгээр тодорхой болох байх. Хүмүүс манай киног үзээд, нийтлэл ярилцлагуудыг маань уншаад Канадад цагаачилсан Хазара хүнтэй, Францад амьдардаг Халимаг хүнтэй уулзахдаа “Бид адилхан монголчууд шүү” гэж хэлээсэй, хүндлээсэй гэсэндээ л олон нийтийн хүртээл болгодог. Олон зуун жилийн турш Монголын төлөө цайны дээжээ өргөж, Монголыг өдөр болгон дурсаж, баяр болгоноороо монголчуудын талаар үлгэр домог мэт хууч яриагаа дэлгэж, туульсаа хайлж суугаа хүмүүсийг бид мартаж болохгүй. Бидний хийж буй ажил монгол хүн бүрийн маргашгүй хүсэн хүлээдэг сэдэв учраас бид бүх мэдээллээ баримтаар харуулдаг учираас хүмүүсийн зүрхэнд илүү хүрдэг боловуу гэж боддог. Үзэгч, уншигч бүр энэ сэдэвтэй өөр өөрийн үзэл бодлоор л ханддаг. Хүмүүс бидэн рүү утасдаад “Ийм олон монголчууд байдаг юмуу, “ямар сайхан хүмүүс вэ”, “за наад хүмүүсээ аваад ир”, “очиж үзье”, “хамт явъя”, “хэдэн хүүхэд Монголд авч ирээд, мэдлэг боловсрол эзэмшүүлж өгье” гэх хүмүүс олонтаа байдаг. Гэхдээ бидний хувьд нэг л үндсэн зорилгоор олон нийтийн хүртээл болгодог Монгол нь хаана байгааг Монгол улсын иргэн бүр мэдээсэй гэсэндээ л.  
-Бид гадныхныг шүтэхдээ гаргуун улс. Гэтэл дэлхийн олон нээлтийг монголчууд хийсэн байдаг?
 -Тийм шүү. Судалгаа хийж байхдаа Монголын дурсгалтай холбоотой гайхамшгуудыг үзэж, алмайрч гайхаж,  догдолж зогссон үе бидэнд олон. Дэлхий нэг жил 365 хоногтойг Монголын хааны зарлигаар тогтоосон “Дэлхийн анхны цагалбар”, “дэлхийн хамгийн анхны одон орны төв”-ийг Мөнх хаан санаачилж, Ил хаан Хүлэгү зарлигдан өнөөгийн Иранд бүтээсэн тууриас эхлээд орд өргөө зэрэг биет дурсгал олныг үзсэн. Монгол хаадын санаачилж, зарлиг буулгасан шинжлэх ухааны нээлтүүд, нийгмийн эрс шинэчлэлийг хийсэн нотолгоо баримтыг нь харах бүрт үнэхээр бахдам сайхан санагддаг. Монголын Эзэнт гүрний түүх ихэвчлэн сүүдэртэй талаас бичигдсэн байдаг. Хүмүүсийг хэдэн зуу, мянгаар нь устгаж байсан,бүтээн байгуулалтуудыг сүйтгэж байсан хэмээсэн нь олонтаа. Харин бидний судалгаа “Монголчууд юуг шинээр байгуулсан юм бэ”, “дэлхийд ямар гайхамшгийг бүтээсэн юм” гэдгийг түлхүү харуулахыг зорьдог.
-Монгол ёс заншлаа мартсан мөртлөө “Би Монгол хүн” гээд омогшоод явж байгаа хүмүүс бий байх л даа. Тэдний талаар яриач?  
-Монгол соёлоо хадгалаад үлдсэн сайхан ард түмэн олон байна. Хэл соёл, угсаатны онцлогоо гээсэн мөртлөө “Би Монгол хүний үр сад” гээд явж байгаа хүмүүс ч бас бий. Дайн, дотоодын мөргөлдөөн, хаалттай нийгэм, исламын шүтлэг гэдэг угсаатны соёл, онцлог, хэл бичгийг бүрэн алга болгодог аймшигтай зүйл. Тиймээс Афганистан, Киргизстан, Иран, Ирак, Узбекистан зэрэг дундад азийн улс орнуудад амьдарч буй монголчууд хувцас зүүсгэл, хэл соёл маруухан. Энэ нь тухайн орны нийгмийн байдлаас шалтгаалж байгаа болохоос тэр хүмүүсээс огтхон ч шалтгаалаагүй хүчин зүйл.
Хаалгыг нь тогшоод “Сайн байна уу, би Монгол хүн” гээд л яваад орчихдог
-Судалгаа хийж явахдаа тухайн орны судлаачидтай холбоо тогтоодог уу. Эсвэл зөвхөн өөрөө л судалгаагаа хийдэг үү?
- Хаалттай нийгэмд байгаа газрын нэртэй судлаачаас сэтгэгдэл сонсоно гэдэг хаалттай сэтгэгдэл сонсох магадлал өндөртэй байдаг. Тиймээс эгэл жирийн хүмүүсийн амьдрал дунд ороод судалгаа хийдэг. Тэр хүмүүс гивлүүрээ аваад байгаагаараа дайлаад хамтдаа суугаад уйлж дуулаад ярьж байх тэр үед л долоо, найман зуун жил хэлэхийг хүсч, хадгалж байсан үгээ сэтгэлээсээ уудалж чаддаг. Судалгааны ажлаар очдог ихэнх газарт маань буудал гэж байдаггүй. Тиймээс нар шингэхээс өмнө хоноглох газраа олох шаардлага гарна. Би айлын хаалгыг тогшоод “Сайн байна уу. Би Монгол хүн. Танайд хонож болох уу” гэж асуудаг. Хүмүүс эхлээд гайхаж, эргэлздэг л дээ. Очих бүрт улам танил, дотно болж яваандаа итгээд олон сайхан нандин түүхийг ярьж эхэлдэг. Мэдээж тухайн үндэсний судлаачдын бүтээлтэй заавал танилцдаг. Гурав дахь орны монголч эрдэмтдийн дүгнэлтийг ч үзнэ. Ингэж байж харьцуулсан нэг мэдээллийг олон нийтэд хүргэдэг.
-Таны судалгаа Чингис хааны байлдан дагууллын жимээр хөвөрдөг ч судлаач хүнийхээ хувьд хамгийн олон монголчууд амьдардаг Өвөрмонголд очиж, Монгол Улсад байгаа ах дүүс, хамаатан саднуудыг хооронд уулзуулъя гэсэн бодол байдаг уу?  
-БНХАУ-д таван сая 900 мянган монголчууд байна. Түүний дөрвөн сая 700 мянга нь Өвөрмонголчууд. Хангалттай олуулаа байгаа биз. Тийм учраас бид нэг ч удаа Өвөрмонголд зорьж очиж байгаагүй. Ерөнхийдөө ажигладаг, газар нутгаар нь дамжин өнгөрдөг. Тэд бидэнтэй хаяа дэрлэн аж төрж байна, дээрээс нь мэдээлэл ч хангалттай байдаг гэж боддог. Ураг төрлийн холбоотой хүмүүс ерөнхийдөө харилцаатай байдаг байх. Түүнээс биш яг энэ тухай сонирхож үзээгүй.
-Дэлхий дээр монголчууд яг хэд байдаг юм бол. Ер нь энэ тоог гаргах боломж бий юу?  
- Дэлхийн түүхэнд 40 орныг нэгтгэсэн Монголын байлдан дагуулалт гэхээр асар том сэдэв шүү. Дэлхийн Монгол судлаачдын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Монгол гэж хэлэгддэг 11 сая 500 мянган хүн байдаг. Үүн дээр зургаан сая Хазара Монголчуудыг нэмж хэлмээр санагддаг. Ойролцоогоор 18 сая гэж хэлж болно. Мөн Энэтхэгийн зүүн хойд хэсэгт байрлах хаалттай муж нутгуудад 30 сая монголжуу хүн байна. Тэднийг яг Монгол гэж хэлж болохгүй ч угсаатны онцлогоороо Монгол гэж хэлэгддэг. Тэд дээл өмсч, борц хатааж, наадам хийдэг. Энэ бүс нутаг руу гадаад хүн оруулдаггүй.
-Тусгаар Монгол Улсын иргэн ч гэлээ бид олон заншлыг гээж үрэгдүүлсэн байдаг. Магадгүй дэлхий дээр монголчуудын хойчис гэж хэлэгдэж яваа тэр хүмүүсээс орхигдуулсан заншлаа олж харж байв уу?  
- Бид тухайлсан улс үндэстэн, газар орнуудад ихэвчлэн цагаан сар, наадам, хурим, найр гээд угсаатны онцлог харагддаг баяруудыг нь тааруулж очихыг хичээдэг. Дээд монгол, Цастын Монголчуудаас өрвөө үргээлгийн баяр, шөмөр дээжлэх ёс, цагаа дээжлэх ёсоо сайхан уламжилж үлдсэн байна. Тэд цагаан сараар хадаг эргүүлж, амар мэнд асууж, ерөөлийн үгс хэлдэг. Хорь, гучин төрлийн мэндчилгээг нэг дор хэлэлцдэг. Хадаг эргүүлж байгаа нь тэр сайхан ерөөлийг нь авч байна, зөрүүлээд сайн сайхныг өгч байна гэсэн бэлгэдэл агуулдаг. Хатан голын баруун хойд хэсэгт 1227 оны хавар Чингис хаан Алтан улсыг эзлэхдээ үлдээсэн цэргүүдийн хойчис болох Дунсианчуудын оршуулгын ёслол их өвөрмөц санагддаг. Нутгийн настан нас барахад бараг бүх эрчүүд нь оршуулгын ёслолд нь оролцдог. Настнаа өндөр уулын оройд нутаглуулдаг юм билээ. Үүний дараа нэгэн археологийн багийн судалгааны ажлаас монголчуудын оршуулгын зан үйлийн зарим онцлогийн талаар олж уншсан юм. Тэнд Чингис хааны онгон өндөр уулын оройд байх магадлалтай гэсэн байсан. Гэтэл Дунсианд энэ заншил 800  жил хадгалагдаад үлдчихэж. Энэ мэт харсан үзсэн сонин зүйлүүдийг тэмдэглээд явж байхад дараа нь нэг нэгэнтэйгээ холбогддог. Зарим үед мэдэхгүй юм гарч ирнэ. Иранд явж байхад Иран дахь Монголын үеийн дурсгал болох нүхэн бунхан байсан. Ираны дөрвөн алдартай бунханы нэгд тооцогддог гэсэн мэдээллээс өөр юу ч байгаагүй. Хэн гэдэг хааны, ямар учир холбогдолтой бунхан гэдэг нь тодорхойгүй. Хэдэн онд хамаарагдахыг нь ч мэдэхгүй. Тэнд байгаа хүмүүс “Энэ монголчуудын бунхан” гэхээс өөр юм хэлэхгүй. Бунханы хажууд перс хэлээр бичсэн тайлбар байсан. Яг үүн шиг маш олон дурсгал Монгол судлаачдыг хүлээгээд дэлхийн дайдад хадгалагдаж байна.
Биднийг буцахад талх, төмс бэлэглэдэг
-Монголчуудыг зочломтгой гэдэг. Тэд энэ талаараа биднээс ялгарах юм уу?
- Ихэвчлэн ном бэлгэнд авдаг. Тухайн үндэстэний нэртэй зохиолчид биднийг зорьж уулзаад өөрийн номоо бэлэглэдэг. Зарим газар нь өгөх юм аа олж ядан барьсан талхаа бэлэглэдэг. Зарим нь тарьсан төмснөөсөө өгнө. Өгсөн юмыг нь авахгүй бол маш их гомдоно. Монголд үүргэвч дүүрэн талх, төмстэй ирж байсан удаа цөөнгүй. Харин бид Монголоос очихдоо ноолууран бээлий, ороолт, цамц, оньсон тоглоом гээд аль болох Монгол бэлэг авч очдог. Тэд аваачиж өгсөн юмыг маань өмсөж, хэрэглэхгүй ээ, ховор эд гээд хадгалчихна.  
-Судалгаагаа дуусаад буцахад чинь дагадаг гэж сонссон?   
-Дагана аа. Настнууд нь өөрийн хүү, охиныдоо хонуулахаас ч харамладаг. Нутгийнхандаа манай Монгол охин гэж танилцуулдаг.
-Нэг зүйлийг асуулгүй өнгөрч чадахгүй нь. Дотооддоо судалгаа хийхэд мөнгө санхүүгийн асуудал яригддаг шүү дээ. Судалгааны багийнхаа харийн орон руу явах мөнгийг хаанаас олдог вэ?  
- Бидний ажлын хамгийн том бэрхшээл бол мөнгө. Гэвч судалгаагаа хийж эхэлснээс хойш нэг ч удаа “Явах гэсэн боловч мөнгөгүй болоод” гэж хэлж үзээгүй юм байна. Аргалаад л зүтгэдэг. Найман жилийн өмнө “Хархорин сувинер” гэдэг нэртэй арьсан эдлэлийн урлан байгуулсан. Тэндээ зун нь ажиллаад арьсан түрийвч, цүнх хийж гадагшаа явуулж борлуулдаг. Өвөл нь тэр мөнгөөрөө хоёр гурван хүний зардал даадаг. Харин судалгаагаа олон нийтийн хүртээл болгож эхэлснээс хойш ивээн тэтгэгчтэй болж эхлэж байгаа. 2009 онд анхны нэвтрүүлгээ нийтэд хүргэсний дараа ХасБанкны захирал М.Болд гуай утасдаж, уулзаж ярилцаад шинэ төсөл болох12 цуврал киноны маань 50 хувийг ХасБанкнаас санхүүжүүлсэн. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай биднийг хүлээн авч уулзсан. Улс орны маань удирдагч энэ сэдвийг дэмжинэ гэдэг бидний найм есөн жил өлсөж, цангаж, дутагдаж гачигдан, хүнд хэцүү газруудыг туулан байж бүтээж байгаа ажилд маань үнэхээр том урам зоригийг өгсөн. Одоо ажиллаж байгаа дундад азийн орнууд руу дээр дурдсан арьсан эдлэлийнхээ орлогоор яваад эхэлсэн. “Эхлэл бол тэн хагас нь” гэдэг мэргэн үг байдаг шүү дээ. Ямарваа нэг зүйлийг эхэлчихсэн байхад явц нь аяндаа өрнөдөг. Шинэ төслийнхөө үр дүнд нэлээн том бүтээл гаргахаар зорьж байгаа. Одоогоор ажлаа бүрэн дуусгах санхүүгийн асуудал бүрхэг байгаа ч зорилгодоо хүрнэ гэж найдаж байна.
-Судалгааны ажилтайгаа холбогдуулаад гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан юм байна. Зураач хүнийхээ хувьд явсан газруудынхаа талаар гар зургийн үзэсгэлэн гаргах хүсэл бий юу?
-Судалгааны ажлаа эхэлснээс хойш нэг ч удаа зураг зураагүй юм байна. Би 2002 онд тосон будгийн шингэлэгчинд хордсон. Түүнээс хойш зурагнаасаа жаахан холдсон. Судалгааны ажлаараа гар зургаар үзэсгэлэн гаргая гэж бодож байгаагүй юм байна. Хүн мэргэжлээ орхих хэцүү л дээ. Гэхдээ би дээр дурдсан арьсан эдлэлийн урлангийнхаа бүх дизайн, загвар бүгдийг нь өөрөө зурдаг.  
-Судалгааны ажлаасаа халширч байсан тохиолдол бий юу?
-Ажлаасаа халширдаггүй ээ. Монголчууд бид хаан түүхтэй ард түмэн шүү дээ. Чингис хаан баатарлаг түүх, эзэнт гүрнээр бахархах эрхтэй байдаг шиг ээ нэг үүргийг хүлээх ёстой гэж боддог. Миний хийж байгаа бүхэн энэ үүргийн нэгэн хэсэг. Заримдаа санхүүгийн бэршээлээс л халширдаг. Түүнээс биш үүргэвчээ үүрээд Афганистан, Иранд ажиллаж байхдаа халширч үзээгүй. Харин ч “За энд ирчихсэн юм чинь илүү сайн ажил хийнэ, Ираны хилээр гартлаа зүтгэнэ” л гээд шийдчихдэг. Нэгэнт л шийдээд улсын хилийг нь давчихсан бол чадах бүхнээ л хийнэ гэж бодохоос маргааш аймаар газар руу явна яанаа гэж бодож байгаагүй. Харин ажлаа дуусаад Монголд ирээд киногоо үзэж, бичлэгээ уншиж суухдаа хэцүү байж дээ гэж санагдах үе байдаг шүү. Биднийг Иранд очиход нэг сарын турш биеэ зовоодог ёслолын үе таарсан. Цэнгэлдэх хүрээлэн, гудамж талбайд эрчүүд нь цуглараад гинж, бороохойгоор биеэ балбадаг. Шашны хэт үзэл нь давамгайлсан энэ үед камер барьсан гадаад хүмүүсийг хараад тийм ч тааламжтай байдаггүй л дээ. Би тэр үед жаахан эмээсэн. Харин манай Б.Цэрэн, Л.Амартүвшин хоёр үнэхээр зоригтой зураг авч ажилласан. Дараа нь киногоо үзээд энэ зургийг яаж авч чадсан байна аа гэж өөрийн эрхгүй бодогдсон. Афганистанд Газни гээд тухайн үедээ талибануудын үүр байсан хотод зураг авсан. Монголд ирснээс хойш хоёр сарын дараа яг миний очиж зураг авсан тэр газар хоёр гадаад иргэн танканд хүлүүлж, тэлүүлж алуулсныг олон улсын мэдээгээр үзээд дотор бас л эвгүй санагдсан шүү.
-Та одоо миний асуух асуултад хариулахгүй байх магадлал өндөртэй юм байна. Гэхдээ би таньтай уулзахдаа энэ асуултыг заавал сонирхохыг хүссэн юм. Судлаач эмэгтэй, тэр дундаа дотоодын мөргөлдөөн, дайнтай газраар явж судалгаа хийдэг хүний хувьд нөхөр хүүхэддээ хэр анхаарал тавьдаг вэ?
- Олон сэтгүүлч үүнийг асуудаг ч би тэдэнд ерөөсөө хариулдаггүй л дээ/инээв/. Бид маш том, нэн чухал сэдвийн талаар судлаж, зорьж, ажиллаж байгаа залуу хүмүүс. Тийм учраас хийж байгаа ажилтайгаа зэрэгцүүлээд өөрсдийн хувийн амьдралаа ярьдаггүй. Гэрлэж амжаагүй л явна. Хүний хань, гэрийн эзэгтэй байна гэдэг хариуцлагатай үүрэг гэж боддог. Гэрлэчихээд хүүхэд нөхөртөө “За би одоо Афганистан явлаа. Тэндээсээ шууд Ирак явна” гэвэл хэцүү шүү дээ. Тийм болохоор ойрын хэдэн жилдээ ажлаа чухалчилна. Харин гэр бүл илүү чухалд тооцогдох цаг ирэхээр мэдээж гэр бүлээ нэгдүгээрт тавина аа.
Ж.Тагтаа

0 comments:

Post a Comment