"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан

Монголын яруу найргийн нэгэн үеийн төлөөлөл, МҮОНР-ийн редактор, МЗЭ-ийн болон утга зохиолын төлөө шагналт, яруу найрагч Маналсүрэнгийн Баттөмөртэй ярилцлаа. Тэрээр яруу найргийн өнөөгийн хөгжлийн талаар тун сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Үүнийг уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя.



Миний эхний бөгөөд эцсийн тэмцээн “Болор цом” байсан

 -Хоёулаа ярилцлагаа таны залуу нас, уран бүтээлийн тань талаар эхлэх үү?
-Би ерэн онд Москва хотын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөж ирээд, Монголын радиод утга зохиолын ажилтнаар орсон. Яруу найргийг бол арван хэдэн настай байхаасаа л оролдож байна. “Хайрлах заяа”, “Цагаан тэнгэрийн зүг” гэж шүлгийн ном гаргасан. Энэ хоёр номоо нэгийг нь 1986 онд, нөгөөг нь 2010 онд хэвлүүлсэн.



Их хол л гаргасан даа. Би нээх бичээд сүйд болоод байж чаддаггүй. Миний нэг алдаа бол санаанд хүртэл юмыг хийж байж гаргамаар санагдаад байдаг дутагдал бий. Тэгэж байгаад зарим юмаа балласан тохиолдол зөндөө л байгаа. Заримдаа нэг шүлэг биччихээд нөгөөдхөө гурав хоногийн дараа харахад санаанд нийцэхгүй, хэд хэдэн бадаг байх юмыг багадуулсан, эсвэл нэг бадаг байх юмыг хэдэн бадаг болгосон байдаг.

Шүлэг болгон өөр өөр байна гэдэг нь маш чухал асуудал юм. Манай Д.Нямаа, Б.Лхагвасүрэн гээд том том яруу найрагчдын шүлэг бүр өөр өөр хэв маягтай байдаг. Ганц хоёр л давхацсан тохиолдол байна. Миний эхний бөгөөд эцсийн тэмцээн бол 1983 онд анх удаа зохион байгуулагдсан “Болор цом” яруу найргийн наадам байлаа.

Үүнд “Хулан” гээд шүлгээ уншсан чинь их нэрд гараад, зохиолчдын хорооноос намайг Хөтөл дөнгөж байгуулагдаж байх үед тийшээ томилсон. Тэнд нэг жил ажиллаж байгаад Москва хотын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явсан юм.

-Та Монголын үндэсний радиод олон жил ажилласан. Ер нь радиогоор уран зохиол сонсох, ном унших хоёр хэр ялгаатай вэ. Сүүлийн үед радио сонсдог хүмүүс цөөрч байгаа?

-Ном унших нь залуучуудын сэтгэлгээг маш их тэлж өгдөг. Харин радио сонсоно гэдэг бол цаг хугацааны хэмнэлтийг үүсгэнэ. Хүмүүс юм хийж байхдаа л радио сонсож, давхар сэтгэл дотроо төсөөлөн боддог. Хүмүүс цаг хугацаагаа хэмнэхийн хэрээр радио руу хошуурах цаг ирнэ. Телевизээр юм үзэх нь хамгийн наад зах нь хүүхдийн хараанд ч муугаар нөлөөлнө шүү дээ.

 СҮҮЛИЙН ҮЕИЙН ЯРУУ НАЙРАГЧДАД “УРЛАг” ГЭДЭГ ЗҮЙЛ ДУТАГДААД БАЙНА

-Яруу найргийг өөрийнхөөрөө тайлбарлаж хэлвэл?
-Миний мэдэх юм ерөөсее энэ яруу найраг л даа. Ер нь жоохон гадарлана л гэсэн үг. Яруу найраг өөрөө гайхамшигтай зүйл учраас яг энэ тэр гэж дүгнэхэд тийм л байна. Ерөөсөө л оюуны маш их чадамж шаардсан, гоо сайхан гэдэг зүйлтэй хамгийн нягт холбоотой зүйлийг л яруу найраг байх гэж бодож явдаг. Гоо зүйг дээд хэмжээнд нь хүртэл бичсэн шүлэг, зохиолыг л яруу найраг гэж хэлээд байгаа юм. Яруу найрагчдын дунд дээр үед ч, одоо үед ч тийм нэг богинохон, гялс гялс, зурвас зурвас хийсэн юмнууд бичээд байгаа нь ажиглагдаад байна.

 Энэ нь нэг бодлын хэрэгтэй юм шиг мөртлөө яг тэр яруу найргийнхаа ертөнцөд ороод ирэхээрээ арай жижигдээд байдаг. Сүүлийн үед залуучууд маш богинохон шүлэг бичээд байгаа. Энэ нь тухайн үедээ л болоод байдгаас жинхэнэ яруу найргийн бяр, чадал, хүчийг харуулсан бүтээл болж чаддаггүй. Зүгээр л хормын төдий сэтгэлгээний дөнгөж буусан санаа юм. Би буруу ч бодож байж болно.

Миний бодлоор энэ санаагаа цааш нь хөглөөд, яруу найргийн онгодоо хөдөлгөх, баяжуулаад жинхэнэ яруу найраг болгох хэрэгтэй. Ингэж чадвал залуучууд их өөр талаас нь, яг тийм гээд оноод хэлчих юмгүй, хүн болгон өөр өөрийнхөөрөө тунгааж бодох зүйлийг бүтээж чадна. Сайхан мөр биччихээд дутуу орхидог залуучууд байна. Уг нь тэр мөрүүдээ цааш нь баяжуулаад, бүтээл болгож чадвал сая яруу найраг болж чадах юм.
Зарим нэг гярхай зохиолчид тэр гайхалтай санааг нь аваад юм хийх тохиолдол ч байдаг. Энэ бол байдаг л зүйл. Олон жил яруу найраг оролдож байгаагийнхаа хувьд ажигласан бас нэгэн зүйл бол сүүлийн үеийн залууст урлах гэдэг зүйл дутагдаад байна. Жинхэнэ уртай шүлэг гэж хэмнэл, хэмжээ, хэлбэр нь тохирсон шүлэг нь өнгө зүсээ өөрөө гаргаад ирдэг. Хаяа нэг халгиж цалгисан шүлэг харагдаж байгаа л даа. Ёстой нэг гарын таван хуруунд багтаж байна. Маш их философийн, гүн сэтгэлгээний зүйл рүү хальж ороод байгаа.
   -Таны мэдэх яруу найрагчдаас халгиж, цалгисан сайхан шүлэг бичдэг ямар хүн байна?
-Яг нэг үе үеэрээ тодорч гарч ирсэн яруу найрагч ерээд оноос хойш бол харагдахгүй байна. Уг нь бол зуунуунаар, жаран жарнаар, арав арван жилээр тодроод байдаг ш дээ. Тийм юм өнөөдөр надад ажиглагдахгүй л байгаа. Үгийн зөрчилтэй хэдэн мөр биччихээд түүнийгээ болчихлоо гэж ойлгож болохгүй ээ. Үүнийг жинхэнэ утгаар нь бичиж чадсан хүн бол Б.Лхагвасүрэн гуай байна.
 Тэр хүний шүлэг дотор яаж эсрэг, тэсрэг зүйлүүд бие бие дээрээ тусч чаддагийг харуулсан. Энийг бол Лхагвасүрэн гуай том том шүлгүүддээ хийсэн байдаг юм. Үгээ гүйцээж урлаж чаддаг. Тэгэхээр одоо шүлгийг гүйцээж урлаж байгаа нь их дутмаг байна. Хэтэрхий богинохон, дөнгөж орж ирсэн мөрөө өмнөтгөл хийж биччихээд, хэдэн үгийг энэ тэнд нь оруулж хутгачихаад зарим хүн хараад юу билээ гэж ч гайхмаар болгоод тавьчихаж байгаа юм.
    Тэгэхээр шүлгээ гүйцээж урлах л дутагдаад байна. Тэрнээс яруу найраг монголд хөгжөөгүй бус хөгжиж байна.

 ДУУНЫ ШҮЛЭГ ҮНДСЭНДЭЭ ҮГҮЙ БОЛСОН
     -Дууны шүлгийг бол хэн дуртай нь л бичиж байна. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
    -Монголд дууны шүлэг бол үндсэндээ үгүй болчихсон. Дууны шүлэг өөрийн ая дантай, яруу найргийн маш том төрөл. Түүнийг тийм амархан биччихэж болохгүй л дээ. Жинхэнэ гоо зүй, хэм хэмнэл, хэмжээ дамжаа таарсан шүлгүүд бол бүгд дуу болно. Тэр нь өөрийнхөө хөг данд орчихсон байгаа ш дээ.

  Сүүлийн үеийн дуунууд бол /тэр үглээд байгаа нь бол байж болохоор/ үнэхээр хүний сэтгэлд хоногшоод байгаа дуу байхгүй. Дуртай нэг хүн өөрөө зохиогоод л, бас энд тэндхийн л нэг ая хийгээд дуулчихдаг. Тийм нэг хулгайн маягийн, хэм хэмжээндээ хүрээгүй. Энэ бол яруу найрагт их сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм. Үүнийг залуучууд ингэж болох юм байна гэж ойлгоод байж магад.
    -Дуртай нэг нь л ном, товхимол гаргаж байна. Энэ нь залуу яруу найрагчдад ямар нөлөө үзүүлэх вэ?
     -Манай тэтгэвэртээ гарсан томчуул /яруу найрагчид/ тав арван цаас аваад чанартай чанаргүй номны өмнөх үг бичээд байх шиг байгаан. Тэрийг нь харахаар яахав дээ, хүний мөнгийг авчихсан юм болохоор үнэн худал энд тэндээс нь иш татаж бичээд байгаа. Энэ бол бас тийм таашаалтай зүйл биш. Ийм маягаар бичдэг ажилладаг клубууд байхыг би үгүйсгэж чадахгүй.
    Настай улсууд нийлээд жар далаад оны хэцүү үед гологдож, шилэгдээд үлдчихсэн цагаан шүлгүүдээ нийлүүлээд эмхтгэсэн явдал байдаг. Ямар ч ургүй, хийцгүй зүгээр л нэг шүлэглэсэн юмаа их хэвлүүлж байна. Энэ бол нэртэй том зохиолчдын хувьд бол эмгэнэлтэй бөгөөд дөнгөж шинээр шүлэг бичиж байгаа найрагчдад сөрөг нөлөөтэй. Тэр шүлгийн номын өмнөтгөлийг бичиж, энэ номыг магтаж гэж бодох хэмжээнд хүргэж байна.
   Ингэснээр найрагчид хойч үеийнхэндээ нүгэл үйлдэж байгаа хэрэг юм. Мань мэтийнхэн бол яахав дээ үүнийг тав арван цаасыг нь аваад хийсэн байна гэж бодно шүү дээ. Шүлэг зохиол руу дөнгөж орох гэж байгаа хүүхдүүдэд бол их сөргөөр нөлөөлдөг. Өөр нэг сөрөг зүйл бий. Уран бүтээлчид өөрөө өөрөөсөө бүтээлээ хулгайлах явдал. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өөрийнхөө урьд нь хийсэн зүйлийг дахин давтаад байдаг. Яг нэг “боорцог хийх”-тэй л адил.
   Өмнө нь нэг боорцог хийчихээд дараа нь дахиад л нөгөөдхөө давтаж хийнэ. Амт нь ижилхэн, хэлбэр нь ижилхэн. Яг ийм байдлаар шүлгүүд гарах гээд байгаза. Нэг л унага гээд шүлэг биччихсэн бол дараа нь хурга гээд яг нөгөө хэлбэрээрээ л биччихнэ. Өөрөө өөрийгөө давтах нь хамгийн эмгэнэлтэй, ичмээр зүйл юм. Нэг ёсондоо өөрөө өөрөөсөө хулгай хийж байна гэсэн үг ш дээ.

 ЯРУУ НАЙРАГЧ М.БАТТӨМӨРИЙН ШҮЛГҮҮДЭЭС ТОЛИЛУУЛЖ БАЙНА

 Дарьгангын талд
Яруу найрагч дүү Н. Лутбаярт

Тэмээн үүлс явгалж хөвсөн
Тэнгэрийн хаяа хоногийн тэртээ
Тэрлэгэн заяа гандааж ниссэн
Тэлгүүн морьтон домгийн тэртээ

Зээр уйдам хөндий
Тал гэдэг энд байна
Зээргэнэ уйлам салхи
Намар гэдэг тэнд байна

Гарьдулаан нар
Газраас тасарч өгөхгүй
Гангын цагаан тал
Тэнгэрээс тасарч өгөхгүй

Шилийн Богдын орой
Сэгсэрч булгим сүртэй
Шилэн хээрийн
Торой Ергөж хатирам дүртэй

Сэр сэрийн алс
Сэтгэл хөтлөх янзтай
Эр жаахан хөөрвөл
Эмээл санах шинжтэй

Дорнын сайхан талд
Унага үргээж болохгүй
Долоон бурхан одоор
Шанага хийж чадахгүй

Тэмээн үүлс явгалж хөвсөн
Тэнгэрийн хаяа хоногийн тэртээ
Тэрлэгэн заяа гандааж ниссэн
Тэлгүүн морьтон домгийн тэртээ

Урсгал тогтуун мөрөнд
Уруул хүрлээ гэтэл
Боръё, баръя
Хэрлэнд Бодол хөвөөд байх чинь

Аураг нуурын рашаан
Амсаад морлоо гэтэл
Алтан жүнзтэй сархад нь
Туяа татаад байх чинь

Ангир аагим ганганаа
Аялаад хоноё уу гэтэл
Сарьдгийн цагаан гэгээ
Саранд дуулаад байх чинь

Уруулд наадах салхин Уушиг
Ууршаад байна уу гэтэл
Цэцгэнд наадсан шүүдэр
Цээжинд ноцоод байх чинь

Гал шаргын шарга
Гараад ирэв үү гэтэл
Ганц бүгээн од
Газарт нүдлээд байх чинь

Буурал тайгын наран
Буцааад мандав уу гэтэл
Орой дундын саран
Ойртож, холдоод байх чинь

Улаахан, дулаахан талдаа
Уугиж өссөн гэтэл
Хангайн сэрүүн намраар

Хайлтал шатаад байх чинь.

♦♦♦

НУУЦХАН ХАЙР

Нууцхан нууцхан чи минь
Нуур голын нэртэй
Буйдхан дайдхан чамдаа би
Буцах шувуу шиг уяатай

Аясхан аясхан хайр минь
Агаар холын нутагтай
Үүлэн дээрээс түүсэн
Үүрийн цэцэг шиг аальтай

Уяхан эехэн шивнээ минь
Уйтгар далдын гунигтай
Усны тоосонд төөрсөн
Хунгийн дуу шиг гэгээтэй

Нууцхан нууцхан чи минь
Нуур голын нэртэй
Буйдхан дайдхан чамдаа би
Буцах шувуу шиг уяатай

♦♦♦

Хүүгий минь
Гарын бэлчээр,
Хүүнүү, сүүнүү Нутагт

Нэг жижигхэн шувуу, Хоёр хөөрхөн өндөг бий
Уян суян хатан
Учиг татсан домог бий
Нялх зандан анхилсан
Нандин сүндэн үүр бий
Хүүгий минь Гарын бэлчээр, Хүүнүү, сүүнүү Нутагт

Өрхөө татах болоогүй
Өмбүү бөмбүү айл бий
Өвгөдийн сүлд омогшсон
Өндөр сүндэр уул бий
Хүүгий минь Гарын бэлчээр, Хүүнүү, сүүнүү Нутагт…

♦♦♦

ЗУНЫ ОРОЙ

Хонины гэрлээс сүү амтагдсан
Зуны нялуухан ногоон орой, Нялх хурганы хөгшин үнэр
Толхи хаврын бүгээн хуучилна
Хэдэн тэмээний гэдгэр зүгээс
Хээтэй, халуун салхи бөхөлзөнө
Хусран дааганы туурай чагнаж
Гурамсан чөдрийн алга загатнана
Яргуйн цэнхэр өнгөнд цадсан
Ямааны хурга тэнгэрт асна
Ялааны эвэрт мөргүүлсэн үхэр
Хомоолын нөмөрт утаа хивнэ.

♦♦♦

ЭХ ОРОН

Хаанаас эхлэдгий нь үзэх гэж
Бэдэрч үзлээ, эх орон оо
Хаана дуусдгий нь харах гэж
Хэдэрч хэслээ, эх орон оо

Толгой минь биш,
Хөл минь ядарч
Тоймгүй хол
Явжээ, би

Ар гурван хангайнхаа
Өндөр нь гэж нэгий нь,
Өвөр гурван говийнхоо
Өргөн нь гэж нэгий нь,
Өвөө, эмээ хоёроосоо
Буянтан гэж нэгий нь,
Аав, ээж хоёроосоо
Ачтан гэж нэгий нь,
Хэлэх гэж
Хэмжих гэж
Толгой минь биш
Хөл минь ядарч
Тоймгүй хол,
Явжээ, би

Алтайн таван богдынхоо
Ах нь гэж нэгий нь,
Ижил гурван голынхоо
Эгч нь гэж нэгий нь,
Хүрээ дөрвөн уулынхаа
Дүү нь гэж нэгий нь,
Хүрэн гурван бүргэдийн
Хүү нь гэж нэгий нь,
Мэдэх гэж
Бодох гэж
Толгой минь биш
Хөл минь ядарч
Тоймгүй хол,
Явжээ би

Энэ бе
Эхээс төрснөө мэддэггүй шиг
Эх орноон би
Хаанаас эхэлдэгий нь мэдсэнгүй
Эргээд би
Хаашаа одохоо мэддэггүй шиг
Эх орноон би
Хаана дуусдагий нь мэдсэнгүй

Толгой минь биш
Хөл минь ядарч
Тоймгүй хол,
Явж байна, би.

 Н.Бямбасүрэн
Эх сурвалж: Нийслэл таймс”

0 comments:

Post a Comment