"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан

Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн хошой аварга боксчин, дасгалжуулагч Хайдавын Алтанхуяг гуайг хоймрын зочноороо урилаа. Цаггаа цалгиж явсан, аварга боксчин маань олон аавын хүүд урам зориг өгч, хүчийг нь бадрааж байсан гэдэг. Х.Алтанхуяг нь 1971, 1975 онуудад Ази тивийн аварга болж Монголын анхны тивийн аварга боксчин цол хүртсэн шилдэг тамирчин юм.
 Тэрээр Монголд боксын спортыг шинэ шатанд гаргахад тодорхой хувь нэмэр оруулсан бөгөөд арваад жилийн өмнө БНХАУ-д дасгалжуулагч, мэргэжилтэн багшаар ажиллаж, тус улсад сонирхогчдын боксын спортыг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн.
Гавьяат тамирчин Х.Алтанхуяг багшийн авьяас тэтгэвэрт гарах болоогүйн жишээ энэ. Тэрээр одоо 65 настайгаа золгоод байгаа хэдий ч спортын хүний цог золбоо нь түүнийг ануухан харагдуулж байлаа.

-Саяхан таны нэрэмжит Улаанбаатар хотын аварга шалгаруулах залуучуудын боксын нээлттэй тэмцээнийг зохион байгуулсан. Энэ нь таны боксын спортод оруулсан хувь нэмрийг үнэлсэн шавь нарын тань үнэлгээ юм болов уу гэж бодогдсон?
-Намайг Азийн аваргаас алтан медаль хүртсэнээс 40 жилийн дараа Монголын олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгч, ОУХМ Ц.Цэрэнням гэдэг шавь маань миний нэрэмжит тэмцээнийг зохион байгуулах санааг гаргаад, энэ жил анх удаа амжилттай зохион байгууллаа. Тэмцээн маш сайхан өрсөлдөөнтэй, өндөр хэмжээнд зохион байгуулагдсан.

 -Сүүлийн үед өсвөр үе, залуучуудын дунд тэмцээн зохиох явдал ихэссэн. Энэ нь маш сайшаалтай юм. Эдгээр залуу тамирчдаас л ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийн дахинд дуурсгасан сайн тамирчид төрөн гарна. Дорнод, Дархан, Эрдэнэтээс тамирчид ирж оролцсон. Мөн би тэр тэмцээний үеэр өөрийн нэрэмжит шагналыг 60 килограмын жинд тоглосон тамирчинд гардуулан өгсөн байгаа.

 -Би өөрөө 60 килограмд тоглодог байсан. Нэг үе манай жинд олон сайн тамирчид өрсөлддөг байв. Тиймээс энэ жинд зориуд тусгай шагнал өгсөн юм. Сүүлийн үед 60 килограмын жинд тоглох тамирчид суларсан учраас энэ жингээ тордож, өсгөхийг л бодож байна.

 -Та аль аймгийн хүн билээ. Яагаад заавал боксын спортыг сонгох болов?

 -Би Завхан аймгийн Нөмрөг суманд 1946онд төрсөн. Гэхдээ би багадаа нийслэлийн иргэн болсон. Бас багадаа амьдрал үзсэн гэж хэлж болно. Долоон настайдаа хөгшин ээжийгээ дагаж хотод орж ирж байлаа. Тэгээд хөгшин ээж маань өөд болсон. Тэр үед ах дүүгийн холбоотой улс байсан ч гэсэн өөрийн гэсэн хүн биш болохоор гадуурхдаг байсан.

 Тэр үед тоглодог байсан найзын маань ээж, аав нь автобус баазад ажилладаг болохоор өглөө гараад, орой ирдэг хүмүүс байсан л даа. Энэ айл ганц хүүтэй. Тэгээд хүүтэй нь тоглосоор байгаад дасаад тэр айлынхаа хүүхэд болчихсон. Иймэрхүү л амьдрал туулж өнгөрүүлсэн. Хүүхэд байхаасаа л боксын спортыг сонирхож эхэлсэн дээ. Намайг хүүхэд байхад үзэж хараад байх юм их цөөн байсан.

 Хөлбөмбөг нэлээд их тоглодог, цанаар гулгадаг байсан. Баянгол зочид буудлын тэр хавьд Соёлын стадион гэж байсан юм. Тэнд хүмүүс ирж, их хөлбөмбөг тоглодог байлаа. Нэг удаа тэнд явж байтал “Монголын анхдугаар ард түмний спартикад” болно гээд хэсэг том боксчид бэлтгэл хийж байсныг нь харсан. Тэгтэл нэг жижигхэн биетэй залуу өөрөөсөө ахмад насны хүнтэй тоглоод, их гоё бултаж, уран чадвараа гаргаж байхыг хараад л анх боксчин болмоор санагдсан.

 Тэгээд 1961 оны өвлөөс эхлээд секцэнд явж эхэлсэн юм. Гавьяат дасгалжуулагч Б.Мишигдорж багшийн удирдлага дор явж байгаад, 1962 оноос бэлтгэлээ таслахгүйг хичээж байсан л даа. Дараа нь 1963 онд “Бүх ард түмний спартикад”-д бэлтгэж, Д.Сэрээтэр багшийнхаа удирдлага дор явсан. “Монголын бүх ард түмний хоёрдугаар спартикад”-ын аваргаар анх 17 настай байхдаа тодорч, тамирчныхаа гарааг эхэлж байсан юм даа.

 Тэгээд 1964 он хүртэл боксчин хийсэн. 1964-1967 он хүртэл бокс түр хугацаанд хаагдсан. Гэхдээ энэ хугацаанд боксоо нээх орхисон ч юм үгүй л дээ. Уралдаан тэмцээнд ороод явж байсан бол их амжилт гаргах ч байсан юм болов уу. Нэлээд хугацаа алдсан гэж боддог юм. Тэгэхэд хааяа нэг найз нөхөд, танилуудтайгаа хувиараа бээлий өмсөж, энд тэндэхийн хашаанд бокс тоглож, бэлтгэл хийж байсан.

 -Тэр үед яагаад боксыг хаасан юм бол. Монгол Улсын гавьяат тамирчин цолыг хүртэх хүртлээ ямар тэмцээн уралдаанд орж, ямар амжилт үзүүлж байсан бэ?

 -Тэр үеийн төр засгийн бодлого л байсан байлгүй дээ. Боксыг спорт гэдэг утгаар бус зодоон, нүдээн гэж ойлгож байсан. Гэхдээ нээх удалгүй 1966 онд манай Б.Олзод багш ОХУ-ын Москвагийн биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамирын багш мэргэжлээр төгсч ирээд, боксыг дахин хөгжүүлэх талаар нэлээн хөөцөлдөж байж зөвшөөрүүлсэн.

 Тэгээд 1967 оноос хуучин бокс тоглож байсан ба шинээр тоглох хүсэлтэй хүүхдүүдийг олж, ахин хичээллүүлсэн юм. Ингээд 1968 онд анхныхаа Югослав, Монголын уулзалт, тэмцээнийг тавдугаар сард Улаанбаатарт зохион байгуулсан. Тэгэхэд Европын аваргын мөнгөн медальт, олимпийн хүрэл медальт Югославын мундаг тамирчинтай тоглох болсон л доо. Анхны тулаан байсан болоод ч тэр үү сандарч л байсан. Харин түүний тоглох арга барилын талаар манай багш Москвад байхдаа олон тамирчин, дасгалжуулагчдаас асууж, түүний эсрэг тоглох тактикийг зохиосон байсан.

 Тэр боксчин хүчтэй цохилтын хаан хэмээн Европод хүртэл алдаршсан байсан. Түүнтэй тоглоход уран техник, авхаалж самбаа их шаардагдана, тулж тоглож болохгүй гэж Олзод багш надад олон дахин сануулж байсан. Тэгээд тэр дагуу бэлтгэл сургуулилтаа хийгээд ойртож болохгүй, дандаа хөлийн ажиллагаа оролцуулж, хөл дээрээ тоглох аргыг хэрэглэж, нэгдүгээр үедээ би дандаа бултаад л байсан.

 Тэр үед нөгөө тамирчин намайг гүйцэхгүй болохоороо “Нааш ир хоёулаа эр хүн шиг үзье л дээ” гэж байгаа юм шиг намайг дуудаж байсан (инээв). Тэгээд хоёрдугаар раундын сүүлчийн үед би өөрөө угсраа цохилт хийсэн. Тэр үед миний хамгийн сайн чаддаг цохилт байсан л даа. Тэрийгээ гэнэт дайраад хийсэн чинь их сайхан таарч цохисон.

 Үзэгчид маш их таашааж байсан. Манай багш надад наадах чинь их хүчтэй хүн болохоор хий цохиод их хүч алдсан байна. Гуравдугаар үедээ бас тулж тоглож болохгүй шүү гэж захиж билээ. Тэгээд л түүний хүчтэй цохилтыг зайлж бултаад, угсраа цохилт хийсээр байсан. Негеө тамирчин маань ч намайг их гайхаж байсан. Тоглохгүй зугтаад байсан хүн гэв гэнэт угсраа цохилт хийгээд байхаар шоконд орсон байх.

 Тоглолт дуусахад шүүгч нар бүгд надад их өндөр оноо өгч байсан юм. Анхны олон улсын тэмцээндээ ингэж амжилт гаргаж байлаа. Үүний дараа Алс Дорнод Сибирийн “Байгаль” сэтгүүлийн нэрэмжит тэмцээнд оролцож, түрүүлсэн. Эхлээд Улаан-Үдийн хүчтэй тамирчинтай, хоёрдугаар тоглолтоо Иркутскийн бас алдартай тамирчинтай, сүүлд нь өөртэйгөө хамт бэлтгэл хийж байсан спортын мастер Кондаковтай таарч ялалт байгуулсан.

 1970 онд бэлтгэл сургуулилтаа сайн хийж, Иркутскийн Алс Дорнод Сибирийн томоохон тэмцээнд оролцож, үүний дараа социалист орнуудын Нийгмийг аюулаас хамгаалах яамны спартикадад оролцсон. Энэ нь Оросын бүх холбоотын алтан армиудтай адилхан цэргийнхний спартикад болдог юм. Үүнд би ялалт байгуулж, Монголын боксчдоос хамгийн анхны алтан медалийг авч байсан.

 Тэгээд 1971 оны Азийн аваргад түрүүлж, Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн.

 -Анхны тэмцээнүүдээсээ аваргын алтан мөдалийг хүртэж явжээ. Та бас Монголоос төрсөн анхны Ази тивийн хошой аварга шүү дээ. Азийн аваргад анх удаа оролцоод алтан медаль авч байсан үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?

 -1971 онд Иранд болсон Азийн аваргад оролцоход би 24 настай байсан юм. Манай багш маш их үүргийг гүйцэтгэсэн. Ерөнхийдөө маш хатуу чанд хүн бэлтгэл, сургуулилтыг хийхийг шаардаж, их ч сайн бэлтгэлтэй явсан. Ингэхдээ хамгийн гол нь Азийн аваргаас алтан медаль авна, тэр медалийг чи л авна шүү гэж багш надад үүрэгдэж байсан.

 Тэгээд л тэр үүргийг алдчихгүй юмсан, заавал биелүүлэх юмсан гэсэн бодолтой тэмцээндээ оролцсон. Бид урьд нь тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаагүй, тэр үед зөвхөн социалист орнууд л хоорондоо тэмцээн зохиодог байсан. Тиймээс хөрөнгөтөн орнууд болон Солонгосын тамирчдын тоглолтын арга барилыг сайн мэддэггүй байсан юм.

 Тэгээд хүч, тактикаа зөв зохион байгуулж, хүчээ зөв хуваарилж тоглох хэрэгтэй болсон. Тус тэмцээнд Израйль, Тайландын тамирчидтай тоглож ялсан. Ингээд алтын төлөөх тоглолтоо Энэтхэгийн маш хүчтэй мөртлөө техник муу тамирчинтай хийж, урьд нь тийм хүчтэй хүнийг унагасан юм чинь түүнийг ялж чадна гэж өөрийгөө хурцалсан. Ингээд ялалт байгуулсан.

 Тэдгээр тамирчин бол өөр өөрийн арга, техниктэй хүчтэй өрсөлдөгчид байсан. Би хүчтэй цохилтод өртөхгүйн тулд урьдын адил бултаж, хүчтэй угсраа цохилтыг хийж, би юуны тулд энд ирсэн билээ, юуны тулд боксчин болсон билээ гэж дотроо бодон, алтан медаль авахын төлөө бүх хүч чармайлтаа гаргасан. Анх удаа Азийн аваргын дэвжээнд Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, туг далбаагаа мандуулах нь тамирчин хүний хувьд маш бахархууштай явдал байсан.

 Багш маань их баярлаж байлаа. Тэр үед Ираны эзэн хаанч хунтайжтайгаа ирчихсэн манай төрийн дууллыг эгшиглэхэд бүгдээрээ босч хүндэтгэл үзүүлсэн. Дараагийн Азийн аварга Японд 1975 онд болсон. Энэ үед би 29 настай байсан. Би Азийн гурван удаагийн аварга болж болох л байсан. Ираны дараа болсон Азийн аварга Өмнөд Солонгос улсад болсон юм.

 Тэр үеийн Солонгосын төр засгийн бодлого нь гэх үү дээ манайхыг социалист орон гээд оруулаагүй. Ингээд нэг Азийн аварга завсарласан юм. Дараа нь хөрөнгөтөн орнуудаас Японд болсон Азийн аваргад оролцож түрүүлсэн. Япон, Монголын харилцаа тэр үед сайн байсан л даа. Монголоос Японд суугаа элчин сайдаар ажиллаж байсан Дамбадаржаа гэж их мундаг дипломатч хүн байсан.

 Тэр хүн биднийг та нар урлаг, спортын иймэрхүү тэмцээн, уралдаанд их оролцож бай хэмээн дэмждэг байсан гэж манай багш ярьдаг байсан юм. Ингэж Азийн хошой аварга болсон юм. Ер нь бараг бүх спорт дотроос анхны Азийн аварга болж байсан юм билээ.

 -Боксын спорт таны үед ид цэцэглэн хөгжиж байжээ. Үүнээс хойш Монголд боксын спорт ямар замаар хөгжиж ирсэн бэ?
-Намайг анхны Азийн аварга болж байхад монголчууд их сайхан хүлээн авсан. Түүний нэг баримт бол маш олон айл хүүхэддээ Алтанхуяг гэдэг нэрийг энэ онд өгсөн байдаг юм. Манай нэг шавь хүртэл яг тэр онд Алтанхуяг гэдэг нэрийг авсан байдаг. Тэрнээс хойш миний үеийн, надтай ан мана үзэлцдэг байсан залуучууд маш их урам зориг орсон.

 Маш эрчимтэй хичээллэж эхэлсэн. Манай боксчид олимп, дэлхийн аваргад оролцож, их амжилт үзүүлснийг Монголын ард түмэн мэднэ. Надаас хойш Азийн 12 дахь аварга төрлөө. Бокс бол тасралтгүй сайхан хөгжиж байна. Нэг үе социалист орнууд хоорондоо үзэлцдэг байсан бол өнөөдөр бүх тэмцээн, уралдаан нээлттэй болсон байна.

 -Та гэр бүлээ хэрхэн зохиож байсан бэ. Мэдээж тэр их амжилтын хажуугаар хувийн амьдралаа зохицуулах хэцүү байсан биз?
-Манай гэр бүлийн хүнийг Ира гэдэг. 1976 оны олимпийн дараа гэр бүлээ зохиож байсан. Эхнэртэйгээ кино үзье, уулзая гэж хоёр гурван удаа гуйж байж танилцсан л даа. Тэр үеийн залуус ингэж л танилцдаг байсан. Мэдээж тэмцээн, уралдаан гээд их завгүй, байсхийгээд л гадаад, дотоод руу бэлтгэл сургуулилт гээд ар гэрээ мартаад л явчихна.

 Манайх гурван хүүхэдтэй. Нэг хүү Америкт байж байгаад саяхан ирлээ. Хоёр охин өөр өөрийн ажил төрлөө хийгээд л явж байна. Тэр болгонд л манай гэр бүлийн хүн, хадам аав Найдансүрэн, ээж Ичинхорлоо нар хүүхдүүдийг маань өсгөж, хүмүүжүүлсэн. Одоо хүүхдүүд маань бүгд сайхан л амьдарч байна.

 Ерөөсөө монголчууд хүүхдээ эцэг эхээрээ өсгүүлчихдэг шүү дээ. Тэд маань их тус нэмэр болж байсан. Эхнэр тэр үед бас ажилтай. Би гуч гаруй насандаа дасгалжуулагчийн ажил руу шилжсэн. Тэгээд ажиллаж байгаад 1990 оноос БНХАУ-ын Өвөрмонголд мэргэжилтэн бэлтгэх дасгалжуулагчаар хоёр орны гэрээгээр явж ажилласан.

 Хятадад маш олон жил ажилласан. Дараа нь 2005 онд Монголдоо ирж, шавь нарынхаа гуйлтаар клубуудын зөвлөх багшаар ажилласан. Тэгээд ажиллаж байсан клубуудээсээ гурван тамирчин шигшээ багт өгсөн. Монгол, Хятад нийлээд 800 гаруй шавь бэлтгэсэн дээ. Цаашид ч гэсэн улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан олон тамирчин, шавь бэлтгэх бодолтой байгаа.

Одоогоор гэртээ түр амраад л байж байна. Тун удахгүй ажилдаа орно. Есөн cap гаргаад бас нэг тэмцээн зохиох юм.

 Н.Бямбасүрэн
Эх сурважл: “Нийслэл таймс”

0 comments:

Post a Comment