"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан

Бүүвэйн дуу сонсож өссөн хүн бүтэн сэтгэлтэй болдог
Хараацай шувууны дэгдээхэй
Харцан дундуураа дуудаад байна уу даа
                 ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй
Галуу шувууны дэгдээхэй
Гацууран дундаа дуудаад байна уу даа
                 ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй... Нялх үрээ энгэртээ тэвэрсэн эх бүүвэйн дуу аялж сууна. Нүүрэндээ мишээл тодруулж, аядуу намуухнаар уянгалуулах энэ шидэт дуунд бяцхан үр нь тайван амгалан гэгч нь нойрсоно.


Үе үехэн үнэгчлэх  үрээ “бүү ай” хэмээн ээж нь аргадан дуулж байна. Түмэн өнгийг хослуулсан хорвоог эх хүн тэр чигээр нь бүүвэйлж сууна...
...Миний хүүгийн уйлж дуулсан хорвоо гээд
Миний ээж дуундаа энэ хорвоог багтаана аа
Бүүвэй, бүүвэй, энэ хорвоо бүүвэй гэж дуулна
Энэрэлт ээж минь хүүгээ хорвоотойгоо бүүвэйлнэ
Ээжийн бүүвэйтэй хорвоо амгалан
Бүүвэй, бүүвэй, ээжийн бүүвэйтэй хорвоо бүүвэй... Ертөнцөд төгс төгөлдөр зүйл гэж байдаг бол үрдээ бүүвэйн дуу аялж суугаа бүсгүй хүнийг гэж би хэлнэ. Цаанаа л нэг уянгалагхан энэ аялгууг сонсоогүй, бүүвэйн дууг бишрээгүй хүн ховор биз ээ. Бүүвэйн дуу /зарим нутагт өлгийн дуу гэдэг байна/ хэмээх энэ өвөрмөц дуу нэн эртний улбаатай бөгөөд овог, аймаг үүссэн тэр үетэй холбогддог ажээ. Бүүвэйн дууг яг төдийд үүссэн гэж нотлоогүй боловч, домоглон хэлэлцэх нь олонтой байдаг. Бүүвэйн дууны гарал үүслийн тухай утга зохиол судлаач Б.Содном "Бүүвэйн дуу нь монголчуудын амьдралд нэн эрт орж иржээ. Анх үр хүүхдээ гаднын муу нөлөөнөөс хамгаалж бүү ай гэж уянгалуулан дуулдаг байсан нь яваандаа бүүвэй болжээ" гэсэн бол бүүвэйн дууны ач холбогдлыг доктор Х.Сампилдэндэв "Бүүвэйн дуу нь энхрий ялдам үг, уянгат хөг аялгууны хослолоор хүүхдийг хүмүүжүүлэхэд чухал нөлөө бүхий төрөл юм. Гоо зүйн зориулалт давамгайлдаг боловч оюун ухаан, ёс суртахууны хүмүүжилд ихээхэн нөлөөтэй. Хүүхэд орчлонгийн амт шимтийг эхийн сүүгээр эхлэн амталдаг шиг эх хэлнийхээ яруу тансагийг дууны уянгат аялгуутай хосолсон бүүвэйн дуугаар мэдэрдэг” хэмээсэн байх юм. Харин эрдэмтэн зохиолч, соён гэгээрүүлэгч, хөдөлмөрийн баатар Л.Түдэв “ Бүүвэйн дуунд уясаж, өссөн хүүхэд, өр нимгэн сэтгэл зөөлөн, зүрх энэрэнгүй, хүн болдог нь нэгэнт шалгарсан, нотолгоо шаардахгүй үнэн” гэжээ. Бүүвэйн дууг эх үрсийн энэрхүйн нинжин сэтгэлийн илэрхийлэл хэмээн үзсэн хүн ч байх юм. Бүүвэйн дуу нь хүүхдийн энэ ертөнцийн хамгийн анх удаа сонсож байгаа аялгуу байдаг. Багадаа яг л тэр дууг сонсож, хожмоо ээжийнхээ тухай ярихдаа бүүвэйн дуу дуулж байсан үеийг яриандаа онцолдог хүмүүс ч бидний дунд бий. Монголчууд бүүвэйн дуу сонсож өссөн хүн бүтэн сэтгэлтэй болдог хэмээдэг.
Хорвоо дэлхийд сонссон
Ээжийн бүүвэйн анхны дуу
Хонгор зүрхийг уяраасан
Ээжийн цагаан уяхан дуу... хэмээх мөрүүдээс бүүвэйн дуу хүүхдэд асар их хүмүүжил, энэрэл, хайрыг түгээдэг болохыг харж болох юм. Тийм ч учраас манай зохиолч, яруу найрагчид бүүвэйн дууны талаар бүтээлдээ арвин дурдсан байх нь бий. Бүүвэйн дуу нь хүүхдийг хүмүүжүүлээд зогсохгүй урлагийн мэдлэг олгодог байна. Хүүхдийг хэвлийд байхад нь намуухан аятай дуу сонсож байхыг эхэд зөвлөдөг явдал өнөө ч хадгалагдсаар байгаа юм. Энэ нь монголчууд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч байгаагийн нэг хэлбэр. Харин сүүлийн үед залуу ээж, аавууд бүүвэйн дуу дуулахаа больсон гэх шүүмжлэлд өртдөг болжээ. Нэгэн залуу хос эхээс төрөөд сар болж байгаа бяцхан хүүдээ симпони сонсгож байхыг харсан эмээ “Наадахынхаа оронд бүүвэйн дуу дуулаач. Монгол хүн бүүвэйн дуугаараа хүмүүжиж, ухааждаг юм” гэж хэлсэн тухай сонсож байлаа. Хүний сэтгэлийг зөөллөж, хүнийг хүн болон торниход энэ дууны хүч асар их нөлөөтэй ажгуу. Хөгшчүүдийн “Бүүвэйн дуу сонсоогүй, эхийн ангир уураг амсаагүй хүн хатуу сэтгэлтэй байдаг” гэх “онол” ч бас нэгийг бодогдуулна. Бүүвэйн дуу нь хүүхдэд хүртэх, танин мэдэх, ой хөгжүүлэх, зөв харилцаанд сурах, зөөлөн сэтгэлтэй болгодог учир аав, ээж хоёулаа хүүхдээ бүүвэйлэх хэрэгтэй хэмээн сэтгэлзүйчид үздэг юм байна. Угаасаа бяцхан үрээ харсан хэн болов чиг бүүвэйн дууг өөрийн эрхгүй амандаа аялдаг гэнэ. Ийнхүү бүүвэйн дууны уянгалаг ая, үгийн цэцэлсэн утга, үйл хөдлөлийн жигд хэмнэл, хүүхдийн бяцхан гарт мэдрэгдэх эхийн бие, эхийн уураг сүүний амт бүхэн нэгдэж хүмүүн болохын заяа тэгширдэг ажээ.
 Ангир шувууны дэгдээхэй
Алсаас ижийгээ дуудаад байна уу даа
                ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй...Нялх үрээ энгэртээ тэвэрсэн эх бүүвэйн дуу аялж сууна. Нүүрэндээ мишээл тодруулж, аядуу намуухнаар уянгалуулах энэ шидэт дуунд бяцхан үр нь тайван амгалан гэгч нь нойрсоно. Монгол айл бүхэнд бүүвэйн дуу тасралтгүй уянгалаг.
Ж.Тагтаа


0 comments:

Post a Comment